Голланд улсын ихэнх коллеж, бакалаврын сургалтанд сурахад голланд хэлтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл Staatsexaman-NT2 буюу NT2 гээд унших, бичих, сонсох, ярих хэсгээс бүрдсэн улсын шалгалтыг давсан байх хэрэгтэй. Үүнд ямар нэгэн хэлний сургуульд хамрагдаж (зарим сургуулийн харьяа сургууль, курсууд байдаг) тусгай хөтөлбөртэйгөөр бэлдэх нь илүү үр дүнтэй.

Харин магистр (MSc.), доктор (Ph.D)-ын чиглэлээр сурахад олон хөтөлбөр англи хэл дээр явагддаг. Нийтдээ 1150 гаран олон улсын сургалтын хөтөлбөр англи хэл дээр явагддаг гэсэн тоо байдаг. Тухайн сурах чиглэлээсээ хамаараад төлбөр нь янз бүр байх боловч Голланд улс оюутны сурах бүх зардлыг хамарсан янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөртэй байдаг. Үүнд эхлээд тухайн сургуульдаа материалуудаа өгөөд элсэх зөвшөөрөлтэй болсон хойноо эдгээр хөтөлбөрт хандах хэрэгтэй. Үүний тулд аль болох эрт хөөцөлдөхийг сургиулууд болон уг хөтөлбөрүүд зөвөлдөг.

Голланд дахь ихэнх сургуулийн жагсаалтыг дараах сайтаас харж болно: http://europe.graduateshotline.com/ne.html. Харин тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар NUFFIC бүрэн мэдээлэл хангадаг: http://www.nuffic.nl/

Докторын (Ph.D) сургалт нь (голдуу) их сургуулийн ажилтан гэсэн үүднээс цалинтайгаар доод зах нь дөрвөн жил байдаг. Чанарын өндөр шаардлагатайн улмаас ачаалал өндөртэй байж болно. Ихэнх тохиолдолд тодорхой заасан тооны шинжлэх ухааны эсвэл мэргэжлийнхээ олон улсын их, бага хуралд өөрийнхөө ажлыг нийтэлж, танилцуулсан байхыг шаарддаг.

-----------------------------------------------
Жич: Энэ мэдээллийг Хэлэлцүүлэг буланд оруулсан байгаа тул холбогдох мэдээлэл, санал бодол, асуултаа энд орж бичнэ үү.